Өөрийгөө танихуй



Хүмүүс яагаад бусдын анхааралд өртөх гэж чармайдаг вэ? Хүн бүхэн од болохыг хүсдэг нь юуных вэ? Учир нь, чи өөрийгөө хэн гэдгийг мэддэггүй. Өрөөл бусдын тодорхойлолтоор л өөрийгөө тодорхойлдог. Өөр рүүгээ шууд чиглэх заяагүй, заавал бусдаар дамжиж бэдэрдэг. Хэн нэгэнд сайн хэлэгдвэл сайн болж баясна. Муу хэлэгдвэл муу болж гундана. “Хөөрхөн шүү” гэчихвэл өөрийгөө хөөрхөн гэж бодно. “Хөгийн царайтай” гэчихвэл өөрөө өөрийгөө голно. Бусдаас санал авч, оноо цуглуулахын төлөө л амьдрал хөвөрнө. 
Хүмүүсийн анхаарлыг татаж байхдаа чи өөрийгөө хайрлуулж байгаа шигээр мэдэрдэг. Хайранд умбасан хосын хувьд хан тэнгэрт байгаа аятай тоост ертөнцийг мартаж, хамаг анхаарлаа бие бие рүүгээ юүлдэг. Хайрын алтан хоромд хос хоёр уусан хайлдаг. Гэхдээ хүмүүс хайраар амьдарч чаддаггүй. Маш цөөхөн хүн л хайранд нэвтэрсэн. Учир нь, хайр бол Бурхан юм. Сая сая хүн Бурхангүй амьдардаг, сая сая хүн хайргүй амьдардаг. Энэ хоосролыг яаж нөхөх вэ? Хамгийн хямд нөхөөс нь бусдын анхаарлыг татах. “Тэд намайг хайрлаж байна” гэсэн хуурмаг мэдрэмж эндээс авдаг. 
Улс төрийн лидерүүдэд ийм л юм тохиолддог. Эрх мэдлийн өндөрлөгт байхад нь улс даяараа хошуу цорвойж, хормой дэвсэн хуйларна. Эрх мэдлээ алдсан цагт нь тоох хүнгүй болно. Ричард Никсон амьд уу, үхсэн үү хэнд хамаатай юм бэ. Нас барахад нь л сонины мэдээ уншаад “Өө, тэр амьд байсан юм уу?” гэлцэнэ. Хүмүүс эрх мэдэлд нь анхаарал тавьдгийг улс төрч өөрт нь анхаарал тавьж байна гэж боддог. Улс төрч бол хайр халамжийг л хайж яваа нэгэн. Даанч хайрлах ч, хайрлуулах ч заяа нь төөрдөг. Хайрын эрэл нь бусдын анхаарлын эрэл болж хувирдаг. Өдөр тутам сонин сэтгүүлээс зургаа харахыг хүснэ. Нэг өдөр зураг нь байхгүй бол хаягдсан юм шиг гунсарна. Улс төрч аргаар хайрын цангааг тайлахгүй. Хайр учрахад анхаарал аяндаа сүүдэр мэт дагадаг. Харин анхаарлыг дагаж хайр ирдэггүй. Анхаарал өөр олон замаар ирдэг. Этгээд гаж загнаснаараа ч бусдын анхаарлыг татаж чадна. Улс төрч, гэмт хэрэгтэн хоёрын эрэл хүсэл ижил. Хүн алж, хүрээ талсныхаа дараа сонинд зургаа тавиулж, радио телевизээр нэрээ дуудуулах нь түүнд таашаал өгдөг. “Би даянд алдартай боллоо”гэж. Сайн ч алдар, саар ч алдар хоёулаа ижил зүйлийн эгээрэл юм. 
Будда ийм хийрхлээс хол хөндий. Тэр бол үнэмлэхүй хайр. Тэрээр оршихуйг хайрлаж, оршихуй түүнийг хайрладаг. Бүхэлтэй оргазмлаг холбоонд орших нь самади бясалгалын утга. Биеийн төдий, эсвэл сэтгэлийн төдий биш, бүхэл оршихуйн оргазмыг Будда амталсан нэгэн. Бусдаас анхаарал халамж горилох учир түүнд байхгүй. Зам зуур таарлаа гэхэд Буддаг та нар танихгүй өнгөрнө. Та нар улс төрч, гэмт хэрэгтэн, жүжигчдийг л таньдаг. Гаж буруу үйлдлээр нь галзуу солиотныг ч таньж чадна. Харин ардаа мөргүй, урдаа замгүй нэгнийг яаж таних вэ. 

Comments

Post a Comment