Хүн төрөлхтөн хэдийнээс нааш хамгийн сайн сайхан бүхэнд тэмүүлэх болжээ. Тэгж явсаар бүгд л төгс төгөлдөр байхыг эрхэмлэх болж.
Төгс гэдэг тодорхойлолтыг юунд өгөх ёстой юм бэ?
Төгс хүн, төгс эмэгтэй, төгс эрэгтэй, төгс хүү, төгс охин, төгс ээж, төгс аав, төгс сурагч, төгс оюутан, төгс ажилтан, төгс дарга, төгс бие бялдар, төгс эд эдлэл, төгс машин, төгс сууц, төгс амт, төгс гэсэн бүхнийг бидний нийгэм шаарддаг болжээ. Та төгс байж чадахгүй бол нийгмийн хог шаар болно гэхээс холгүй.
Энэ хэмжүүрийг хэн гаргачихаа вэ?
Манай Монголд төгс зүйлсийг хайгсад маш их болчихсон шиг санагдах юм. Өөрсдийнхөөрөө өнөөх хэмжүүрээ тавьчихаад төгс төгөлдөр зүйлсийг хайж түүндээ стресстээд байх шиг заримдаа харагдах юм.
Миний ажигласанаар ажил олгогчид бүр төгс хүнийг хайна. Дөнгөж төгссөн оюутнууддаа боломжийг олгохын оронд ажил хайх ажилд орох эрмэлзлийг нь хуга нуга дарна. Төгс англи хэлтэй, дээр нь дахиад нэг хэл нэмэлтээр байх шаардлагатай, 2–3 ажил зэрэг хийх чадвартай, 2–3 жилийн туршлагатай, супер багаар ажиллах болон удирдах чадвартай байхыг шаардана. Бас гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн бол давуу, урлаг спортын авьяастай, дор хаяж сагс тоглодог, зэрэгтэй бол бүр давуу, хувьдаа гэнэ. Хэт өндөр шаардлага тавьсан хэрнээ тэрэндээ таарсан цалин олгох нь бас л хэцүү. Аль болох хасчих гээд л үзээд байна. За тэгээд бас болоогүй илүү цагаар ажиллаж, хувийн амьдралгүй юм шиг зүтгэх шаардлагатай. Төгс ажилтан хайж байгаа бол бараг робот захиалаад хийлгэчихмээр юм бишүү гэж санагдахаар ч юм байна.
Зөрүүлээд ажилд орох гэж байгаа нөхдүүд нь бас төгс ажлыг хайна. Цаг бага, ажил нь хөнгөн, цалин өндөр, амралтын өдрүүдэд амарна гэх мэтчилэн. Ажилд ороод 2 хоног болохгүй шантарна. Өө захирал нь ч ийм ааштай, ажилтанууд нь ч ийм тийм гээл, хариуцлагаа хүлээж чадахгүй бүх буруугаа эргэн тойрон руугаа чихнэ. Юу ч хийж сураагүй байж эхлээд сурах хөгжихөө бодохгүй цалин мөнгө байр машин мөрөөдөөд л сууж, амар хялбараар амьдрахыг эрхэмлэнэ. . .
Ажилтан нь ч ажил олгогч нь ч зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодож байхад төгс төгөлдөр нь олдох болов уу???
Төгс төгөлдөрийг дор бүрнээ хайсаар л…
Эрэгтэй нь төгс эмэгтэйг хайна. Хөөрхөн царайлаг, гоё биетэй, хоол сайн хийдэг, халамжтай, олон аашгүй бла бла бла … Эмэгтэй нь бас төгс залуугаа хайна. Бие хаа сайтай, царай зүс давгүй, мөнгөтэй, ажилтай байртай, эмэгтэй хүнийг ойлгодог нтр гээл шалгуур нь дуусахгүй. Эцсийн дүнд таныг хайрлаж л байвал болох биш үү? Заавал таны төгс гэдэг шалгуурт таарсан хос хайх шаардлагатай юу бодоод үзээрэй. Таныг таниас өөр ойлгох хүн хэзээ ч хаана ч байхгүй учир 7 тэрбум хүний хэн нь ч таныг төгс ойлгохгүй.
Уучилаарай шаарддаг шалгууртаа та өөрөө тэнцэх үү? Бодоод үзээрэй.
Бид хэзээ ч хэн нэгний төгс хэмээх шалгуурт тэнцэхгүй. Өөрсдийнхөө шалгуурт ч тэнцэхгүй. Тиймээс төгс нэгэн байхаас татгалзаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж үү? (Өөрийнхөөрөө гэдэг нь бусдыг хохироох үйлдэл хийхийг бас хэлэхгүй л байх)
Хэн нэгний шалгуурт, нийгмийн шалгуурт нийцэх гэж биш өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд амьдраад үзвэл ямар вэ? Чи ажилдаа дургүй ч зураг зурах дуртай бол зураг зурахдаа цаг гарга, дугуй унах дуртай бол дугуй унахдаа цаг гарга. Чи дуртай зүйлээ хийж байхдаа л хамгийн төгс харагдана. Өөртөө жоохон ч гэсэн итгэлтэй бай. Монголчууд өөртөө итгэх гэдгийг бардам зан гэж ойлгоод байдаг бас тийм биш шүү дээ. Хүүхдэд жоохон л урам өгч итгэл нэмэхэд яаж гэрэлтдэг билээ дээ. Тиймээс гэрэлтэцгээе.
Төгс төгөлдөрийг эрээд, хайгаад ч хэрэггүй. Тэртэй тэргүй бид чинь ХҮН. ХҮН учраас алдана, ононо. Төгс төгөлдөрийг мартаад одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдарцгаая.
Comments
Post a Comment