Сүүлийн үед сэтгэл гутралд орох нь нийгмийн болон бусад асуудлуудаас үүдэлтэйгээр арай л их болжээ. Миний бие ч тойроод биш дайраад л гарч явна. Манай улсад 10–35 насны иргэдийн 50%-иас дээш нь ямар нэг байдлаар байнгын гутралд автдаг байх юм. Тэгээд яагаад манай залуучууд ийм олноороо хямраад байна вэ? гэсэн асуултанд хариулт олохоор сэтгэл гутралын тухай бага зэрэг судлаж үзлээ.
Сэтгэл гутрал гэдэг нь ердийн уйтгар гуниг, өдөр тутамд тохиолддог зовлон бэрхшээлээс илүү түвэгтэй сэтгэлийн байдлыг хэлдэг. Иймд үүнийг өдөр тутмын асуудлаас хальсан сэтгэцийн эмгэг гэж үздэг.
-Сэтгэцийн эмгэг, тархалтын судалгаагаар манай улс долоодугаарт жагсжээ-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилд сэтгэл гутралд орж байсан гэсэн байна. Мөн дэлхийн хаа нэг газар 40 секунд тутамд сэтгэл гутралаас болж хэн нэг нь амиа хорлож байна гэхээр үнэхээр таатай биш юм.
Тэгвэл манай улсын хувьд ямар байдаг юм болоо гэсэн асуулт миний толгойд эргэлдэв. Сэтгэл гутралыг сэтгэцийн эмгэг гэж үздэг бөгөөд тархалтаараа манай улс 7-р байранд шалгарчээ. Арай л дээгүүр заларсан санагдлаа.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо нь 2016 оны Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар 107 мянга гаруй хүн байна гэхээр сэтгэл гутралд орсон нь 2469 хүн байх нь. Энэ бол зөвхөн тэтгэмж авсан статистикийн тоо. Түүний цаана хэнд ч хэлэхгүй дотроо нууж яваа хэдэн хүн байгаа бол гэж бодохоор зүрх шимширмээр…
Сэтгэл гутралд орох шалтгаан нь ихэнхи тохиолдолд өсвөр настнуудад гэр бүл, найз нөхөд, ангийнхантайгаа ойлголцохгүй байх, хайр дурлал, гадаад төрх гэх мэт асуудлуудад гутарч эхлэх зэргээс шалтгаалдаг бол насанд хүрэгсдийн хувьд нийгмийн шаардлагад нийцүүлэх гэсэн төгс төгөлдөрийн эрлээс эхэлдэг гэжээ.
Хоол ч хоолойгоор давахгүй, юу ч хийх хүсэлгүй болж, нойр хулжиж, учир шалтгаангүй ядарч эхлэх бөгөөд дийлэнхи нь өөрсдийгөө сэтгэл гутралд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байна.
Сэтгэл гутралын үед илрэх түгээмэл шинж тэмдэгүүд:
10-аас 35 хүртэлх насны хүүхэд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд АМИА ХОРЛОЛТ орж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Түүнчлэн амиа хорлогчдын ихэнх буюу 54–91 хувь нь эрэгтэйчүүд байгаа ажээ.
ҮСХ-оос мэдээлснээр 2016 онд нас барсан:
10–14 болон 25–29 насны 5 хүн тутмын 1,
15–24 насны 4 хүн тутмын 1,
30–34 насны 6 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.
Сүүлийн дөрвөн жилд нийтдээ 132 хүүхэд амиа хорлох оролдлого хийснээс 19.7 хувь нь Хөвсгөл, 14.4 хувь нь Увс, 10.6 хувь нь Төв аймаг болон Улаанбаатар хотод ногдож байна. Харин энэ хугацаанд Архангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Говьсүмбэр аймгуудад уг тохиолдол бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.
Энэ бүхнээс сэтгэл гутрал нь дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ хангалттай авч чаддаггүй бололтой. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилэхэд ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийн харилцаан дахь хүмүүс бие биедээ анхаарал халамж тавьдаг байх хэрэгтэй байх.
Хамгийн аймшигтай нь сэтгэл гутрал нь гаднаас нь хараад мэдэх боломжгүй чимээгүй тахал ажээ.
Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
- Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших
- Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх
- Бусадтай байнга харилцаж байх. Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ дотно байж аль болох их ярилцаж байх
- Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх
- Стресс тайлах ур чадварт суралцах, бясалгал, иог гэх мэт стресс тайлах зүйлст суралцах
- Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх
- Согтууруулах ундаа болон мансууруулах зүйлсээс татгалзах
- Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах
- Дуртай зүйлээ хийж байх
- Хичнээн их ажилтай байсан ч хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг гаргах
За тэгээд эцэст нь та үнэхээр сэтгэлийн гүн хямралд орсон бол заавал мэргэжилийн хүн дээр очих нь зүйтэй бололтой. Монголд энэ тал дээр тийм ч түгээмэл мэргэжилийн сэтгэл зүйчид ховор ч гэсэн сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон байна лээ. Ганц нэг холбогдох газруудын хуудсуудын холбоосыг доор орууллаа.
Амьдрал зовлонгүй бол давсгүй хоолтой адил болохоор ямарч тохиолдолд сэтгэл гутралыг даваад гарахыг зөвлөх байна. Та ганцаараа биш. Таны дэргэд хэн нэгэн байхгүй бол заавал сэтгэл зүйчид хандаарай.
Comments
Post a Comment